
Хүнсэнд ашигладаг бас ашиглаж болохгүй олон нэр төрлийн хортой ба хоргүй мөөг нь хлорофиль агуулдаггүй учраас нарны гэрлийг ашиглан ургамалтай адил фотосинтезийн процессыг явуулж чадахгүй харин бэлэн органик бодисоор хооллодог, тэдгээрийг задалж өөрийн биеийг бүрдуулэх бионийлэгжилтийн үйл ажиллагааг явуулдаг онцлогтой.
Мөөгийг хооллох байдлаар нь сапрофит, паразит, симбиоз хэвшлийн гэж хуваана. Үүнд:

Симбиоз амьдралыг бий болгох эх үүсгэвэр нь микорозын үр дагавар мөн. Микороз гэдгийг мөөгний утсанцар бие - мицели нь хөрсний гүнд нэвтрэн орж ургамлын үндсийг хүрээлэн түүнтэй шууд холбогдон ургамалд эрдэс тэжээлийн бодис, усыг дамжуулан өөртөө ашигтай органик үлдэгдлийг авч байдаг мөөгөн дугтуй юм.

Ойн мөөг ихэнхдээ модлог ургамалтай холбоотой байх ба ойн хөрсөнд ялангуяа модны үндэс байгаа тэр орчинд микориз үүсгэгч мөөгний мицели өргөн тархсан ба тэр хэсгийн хөрсний гадаргуу дээр тэдгээрийн олон тооны үрт бие буюу мөөг ургасан нь харагддаг. Хэрвээ эдгээр мөөгний мицели ургаж байгаа тэр газарт модны үндэс байхгүй бол ихэнхдээ үрт бие үүсэхгүй.
Европ цагаан мөөг нь хус, нарс, царс, гацуур гэх мэт олон зүйл модлог ургамалтай микориз үүсгэдэг бол зарим зүйлд тодорхой нэг зүйлийн модлог ургамалтай микориз үүсгэдэг. Тухайлбал: Leccinumscabrum, L.aurantiacum, lactariusdeliciosus, Suillusgrevileiзэрэг орно. Зарим эрдэмтдийн явуулсан ажиглалтаар модлог ургамлын өсөлтөнд микориз онцгой нөлөө үзүүлдэг байна. Жишээлбэл зарим нэг зулзаган модны үндсэнд микориз үүсээгүй байхад ургалт нь эрчимтэй бус байснаа микориз бий болсон үед түүний өсөлт эрчимтэй явагддаг болохыг нотолсон байна.
Ургамлын үндэсний дотор талд нэвтэрч орсон микориз цаашид хөгжсөнөөр тэр ургамлын үндэсний гүйцэтгэх үүргийг багасгаж өгнө. Тэр нь тухайн ургамлынхаа үндэсний сорох гадаргууг ихэсгэж таатай нөлөөлөл үзүүлдэгээс гадна мөөгнийхөө өсөлтөнд эргээд сайн нөлөө үзүүлж байдаг. Модлог ургамалгүйгээр микориз бүрэлдүүлэгч мөөгний мицели ургах боловч үрт бие үүсэхгүй. Иймээс монгол оронд ургадаг ойн ихэхн мөөгнүүд микориз үүсгэгчид юм.

Гэнэтийн үер, хур тунадасны усыг шингээхэд ой мод чухал үүрэг гүйцэтгэдэг нь үнэн чанартай мөөгтэй зарим талаараа холбоотой гэж үздэг. Зарим мөөгний мицели хөрсний гүнд байгаа ургамлын үндсийг ороож бүрсэн байх нь олонтой. Гэтэл энэ бол 2 өөр организм хоршин амьдарч байгаа байгалийн сонин үзэгдлийн нэг юм. Ийм мөөг өөрөө хөрсний гүнээс усыг биедээ шингээж үндсээр нь дамжуулж ургамлыг усаар хангаад, хариуд нь өөртөө хэрэгтэй шим тэжээлийн бодисыг уусмал хэлбэрээр үндэснээс авч ашигладаг. Мөн мөөг бол ойн хөрсний өнгөн хэсэгт байгаа модны мөчир, холтос мэтийн ургамлын үлдэгдлийг задалж, хөрсний үржил шимийг байнга нэмэгдүүлж өгдөг ач тустай.

Микориз бүрэлдүүлсэн үед мөөгний мицели хөрсний гүнд нэвтрэн орж ургамлын үндсийг гадуур нь нь бүрэх буюу түүнд нэвтэрч үндэснээс өөртөө органик нэгдлийг авч байдаг. Мөөг нь гетеротроф организм учир органик бодисыг өөрөө нийлэгжүүлдэггүй.
Микоризыг анх 1881 онд оросын эрдэмтэн Ф.М.Каминский нээсэн. Бүтэц, тогтоц амьдрах хэлбэрээр нь микоризыг 3 хэлбэрт хуваан авч үзнэ.
Гадаргуугийн буюу эктотрофны хэлбэрийн малгайт мөөгүүд аксомицетийн ба базидомицетийн багт хамаарна. Микориз үүсгэдэг мөөгний малгай, шүүслэг байдаг.хүнсний мөөгний дотроос микориз үүсгэдэг мөөг мөөг тус бүр нь тодорхой нэг зүйлийн модлог ургамалтай хоршин амьдардаг. Жишээ нь тослог шар мөөг дан шилмүүст ойд ургадаг харин навчит ойд тааралддаггүй байхад навчит ойд ургадаг барзгар хусандай, улиангарын улаан мөөг шилмүүст ойд тааралдахгүй.
Хөвхний сапрофит мөөгнүүд нь хөрсийг бүрэлдүүлэгч давхаргын целлюлоз, лигнин зэрэг муу задардаг бодисыг задлахад гол үүрэг гүйцэтгэнэ. Өвслөг ургамал шигүү, өндөр ургасан газарт мөөг ургаж чадахгүй мөн хүрээнд ургасан мөөгний эргэн тойронд ургамал нь тарчигхан байх ба хүрээний захын ургамал нь өтгөн ургасан байдаг. Энэ нь мөөгний ялгаруулсан азотоор тэр орчмын хөрс нь баяжигддаг учир өвс ногоо сайн ургадаг.
/ Х.Алтанцэцэг, Н.Хэрлэнчимэг нарын “Байгалийн мөөгийг таньж түүх, боловсруулж хэрэглэх арга” УБ 2004 номоос хэсэгчлэн авав. /
Х.Алтанцэцэг
Сэтгэгдэл үлдээх