2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
Мөөгний ангиллын тухай

Дэлхийд амьдардаг бүх амьд бие махбодийг 18-р зууны үед Шведийн ургамал судлалын эрдэмтэн Карл Линней ангилсан бөгөөд шинжлэх ухааны хөгжлийн явцад үе үеийн судлаачид ангилал зүйн талаар нэмэлт баяжуулалт хийсээр ирсэн байна. Сүүлийн 100 гаруй жилд ангилал зүйд гарсан өөрчлөлт гэвэл 1866 онд Эрнест Хенрих Хеккел зүйлийн гарал үүслийн тухай эволюцийн сургаалийг үндэслэн байгалийн филогенетик ангиллыг томьёолж энэ ангиллаар амьд бие махбодийг протист, амьтан, ургамлын гэж 3 аймагт хуваажээ.

1969 онд Роберт Н.Виттакер дээрх ангиллыг улам боловсронгуй болгон сайжруулах амьд биесийн эволюци хөгжлийн дарааллын дагуу Амьтан, Мөөг, Ургамал, Протиста, Монеро гэсэн 5 аймагт хуваажээ. Протистын аймагт нэг эст замаг мөн нэг эст, эукариот эст протозоанууд орно. Монера аймагт нэг эст прокариотууд болох эубактери ба археобактериуд багтаж байгаа, эдгээр нь бусад бие махбодоос эсийнхээ бүтцээр ялгагдана. Мөөгний аймагт нэг ба олон эст мөөгнүүд хамаарна. Прокариот бактери нь дэлхийд бий болсон анхны бие махбод бөгөөд үүнээс олон эст эукариот болох эгэл биетнүүд үүссэн байна. Эгэл биетнээс ургамал, амьтан мөөгний аймаг 3 салангид чиглэлээр хөгжсөнийг тэмдэглэсэн байдаг.

Р.Н.Виттакерийн үзэж байснаар мөөгний эволюци нь органик бодисыг задалж шингээн авах хэлбэрээр хооллох чиглэлд хөгжсөн байхад ургамлын аймаг нь фотосинтезийн үйл ажиллагааны дүнд шимт тэжээлт бодисыг гарган авч хэрэгцээгээ хангадаг. Харин амьтдын аймаг нь бусад амьтан болон ургамлын гаралтай хоол тэжээлээр хэрэгцээгээ хангах чиглжлээр хөгжиж иржээ. Таван аймаг бүхий байгалийн ангилалын дээрх систем нь прокариотаас олон эст эукариот үүсч цаашид хоол тэжээлээ хэрхэн олж авах эрэлт хэрэгцээнд үндэслэгджээ.

1970 оны эхээр молекул биологийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд амьд бие махбодийн хооронд тэдгээрийн  гарал үүслээр нь эволюцийн холбоог шалгаж тогтоох анхны боломж бий болж, өөр бие махбодиос гаралтай ДНХ нь хоорондоо тодорхой ямар нэг хэмжээгээр хамааралтай болохыг тогтоосон байна.

1970 онд Карл Воес бичил биетний эволюцийг судалж РНХ амьд бие махбодь шинээр үүсэхэд харьцангуй бага өөрчлөгддөгийг тогтоожээ. РНХ нь зөвхөн эволюцийн чухал ач холбогдол бүхий үндсэн үе шатанд өөрчлөгддөг. Бүх бактерууд хоорондоо адилхан прокариот эстэй боловч РНХ нь ялгаатай 2 бүлэгт хуваагддагийг тогтоожээ. Энэ судалгаандаа тулгуурлаад бүх амьд бие махбодийг эукариот, археобактери, эубактери гэсэн тэргүүлэх гурван үндсэн чиглэлийг тогтоосон байна. Эукариотыг протист, ургамал, амьтан, мөөг гэж дөрөв ангилжээ.

Мөөгний  аймаг нь 100 мянга гаруй зүйлийг өөртөө нэгтгэсэн бөгөөд байгальд гүйцэтгэх үүрэг, ашигтай ба ашиггүй олон чанараараа ялгаа бүхий “доод ургамал” гэж тооцож байсан үе өнгөрч мөөг нь амьд бие махбодийн бие даасан бүхэл бүтэн аймаг болжээ гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч 30 орчим жил болжээ.

Монгол оронд ургадаг мөөгний ангилал зүйг тогтоох, шинж чанарыг тодорхойлоход Г.Уранчимэг мөн Л. Базаррагчаа “Бусад түүхий эд бэлтгэл” (УБ 1976) номондоо, Х.Отгонбат “Хүнсний мөөг” (УБ 1979) ном хэвлүүлжээ. Х.Алтанцэцэг мөөгийг тарималжуулах талаар ажиллаж “Сүрлийг уурагжуулах целлюлоз задлагч дээд ба доод мөөгний идэвхтэй омог гаргах” сэдвээр докторын зэргэ хамгаалж таримал мөөгний мицели үйлдвэрлэх технологи, хясаан мөөг тарих технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. И.Бадамханд “Мөөг” (УБ1986) зурагт товхимол, Н.Хэрлэнчимэг “Монгол орны хүнсний мөөг” (УБ 2001) судалгааны ажил хийгдсэн байна. Мөөгний түүхийн талаарх зарим тоймоос

Мөөг нь ургах байдал, хэлбэр дүрс, өнгөрөө эрт үеэс эхлэн хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн бөгөөд олон улс орны үлгэр домогт амьд амьтан мэтээр, зарим улс үндэстний шашны зан үйлд хэрэглэж ирсэн баримтууд археологийн судалгаанд тэмдэглэгдэн үлджээ.

Сибирийн чугча нар хорт ялхор мөөгийг “тусгай угсаатан” гэж үздэг байсан ба нэг гар, нэг хөлтэй аймшигт амьтан мэтээр зурж байжээ.

Тува улсад Енисей орчмын хадны зурагт, мөөгний төстэй толгойгүй урт хүзүүн дээр том далбигар малгайтай хүмүүс бүжиглэж байгаагаар зурсан дүрслэл байдаг. Индианчууд теананактл мөөгийг ид шидтэй гэж үздэг бөгөөд үүнийг идсэн хүн ер бусын зөн билэгтэй болж, өвчний учир шалтгааныг тэдэнд эмчлэх чапвар эзэмшдэг гэж үздэг байж.

1991 онд уулчид Альпийн нуруунаас 5300 жилийн өмнөх үеийн хүний хэрэглэж байсан богцноос сүх, хэт цахиур бас хатаасан мөөг олжээ. Үлгэр домогт мөөгийг тэнгэр дуугарч, цахилгаан цахилах мөчид ургадаг гэж үздэг байсан ба энэ талаар ромын яруу найрагт Ювенал, Энэтхэгийн шүлэгч Калидас нарын бүтээлд мөн л үүл манан бүрхсэн, аянга цахилгаан гялсхийх үед мөөг ургадгийг тэмдэглэжээ.

Энэтхэгийн аман зохиолд “Сома” гэдэг нэгэн ундааны тухай магтан дуулсан байх ба зарим судлаачид Amanita muscaria гэдэг ялхор мөөгний шүүс гэж таамагласан бөгөөд тэнгэр бурхан, аянга цахилгааны нөлөөнд үр тогтож, түүний үр хүүхдүүд нь “сома” юм. Цахилгаан цахилахад энэ хүүхдүүд борооны адил газарт бууж ирдэг, “тэнгэрийн улаан хүүхдүүд” гэж дүрсэлсэн байх жишээтэй. “Сома”-г ууснаар хүн мөнхөрдөг гэж үздэг, Төв Америкийн үлгэр домогт мөөгийг тэнгэрийн гаралтай гээд тэнгэр бурхан аянга цахилгаанаараа мөөгийг тэжээдэг гэж үздэг байна. Таджикийн нэгэн үлгэрт тэнгэр бурхны оруулсан бороо газарт буухдаа мөөг болж хувирдаг тухай тэмдэглэжээ.

Эртний энэтхэг, Япон, Хятадад мөөгийг газар тэнгэрийг холбогч бөгөөд урт наслах, үхэшгүй мөнхийн бэлэг тэмдэг гэдэг ажээ. Мөөгний үүслийг тэнгэрээс гаралтай гэж үздэг байснаас гадна бас хүний хүйстэй холбон үзэж урт шилбэтэй, шовгор малгайтай мөөгийг эрэгтэй хүний, харин богино шилбэтэй, далбагар малгайтайг нь эмэгтэй хүнийхтэй адилтган үздэг байсан сонин олон баримтууд байх юм.

Х.Алтанцэцэг, Н.Хэрлэнчимэг нарын “Байгалийн мөөгийг таньж түүх, боловсруулж хэрэглэх арга” УБ 2004 номоос хэсэгчлэн авав. /

Мэдээллийг бэлтгэн оруулсан:
Х.Алтанцэцэг
2018-10-23 01:39:06 4757 0
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/
Холбоотой мэдээ