Muug.mn: Сайн байна уу? Юуны өмнө манай muug.mn сайтыг гарсан цагаас нь дэмжин, зөвлөж, үнэт мэдээллээсээ хуваалцаж явдаг танд нийт уншигчдынхаа өмнөөс талархаж явдгаа илэрхийлье. Таныг монголчууд маань мөөгний Алтанцэцэг гэдэг нэрээр тань илүүтэй таньж мэддэг. Энэ таны хамгийн анх мөөгийг монголд тарьсан цагаас хойш оноосон гэж ойлгодог. Та анх мөөг тариалж байсан тэр дурсамжаасаа хуваалцахгүй юу?
Доктор, Профессор, МУ-ын Зөвлөх БИОТЕХНОЛОГИЧ Х.Алтанцэцэг: Баярлалаа, энэ талаар дурсамжаа эргээн санахад надад үнэхээр тааламжтай байна. Надаас энэ асуултыг хэн ч өмнө нь асууж байгаагүй юм байна. Тиймээ, анх сүрэл дээр хясаан мөөг ургуулахад “Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлагч лабораторид ирж ярилцлага аваад бүтэн нүүр нийтлэл бичиж гаргасны дараа л мөөгний Алтанцэцэг гэдэг болсондоо. 1986 оны дүн өвлөөр нэгдүгээр сар дөнгөж л гарч байсан санагдана... сурвалжлагч, зураглаач нар лабораторид орж ирээд “зун бороо орсоны дараа ойд үнэртдэг мөөгний үнэр үнэртээд ямар гоё юм бэ?” гээд тэр хүмүүсийн баярласан, гайхсан царайг тодхон санаж байна.
Маш их хугацаа өнгөрчээ ... гэсэн ч төвлөрөөд бодохоор их тодорхой, салангид дурсамжууд оюун ухаанд орж ирж байна: нэгдүгээрт: Оюутан байхдаа Польшид мөнгөлөг өнгөтэй хөргүүлтэй ачааны том тэрэгнүүд баруун зүгт яваад байгааг анзаараад энэ дотор нь юү байдын бол гээд асуусан чинь “мөөг” гэсэн. Польшид мөөг тарьдаг, тэр нь баруун Европын орнуудад өндөр үнээр зарагддаг гэж хариулсан. Тэр үеийн оюутнуудын мөрөөдөл original wrangler, lives жинс авч өсөх л байлаашдээ (жинсний фигуртэй ч байждээ). Тэгээд 4 кг мөөгөөр нэг жинс авчих юм байна гэж бодож байсын. Номын дэлгүүрээс шампиньон мөөг тарих жижигхэн гарын авлага номыг худалдаж аваад уншаад үзсэн чинь микробиологич хүн хийчмээр юм байна гэж бодоол өнгөрсөн. Микробиологич мэргэжилийнхээ мэргэшүүлэх хичээлүүдээ үзэж эхэлж байсан үе таарсан.
хоёрдугаарт: Тэр явдлаас хойш 7-8 жилийн дараа тэжээлийн микробиологийн лабораторид ажиллах болсоноор малын бүдүүн тэжээлийн шингэц, шимт чанарыг биотехнологийн аргаар сайжруулах даалгавар аваад эслэг задлагч фермент нийлэгжүүлэх талаар хэвлэлийн материал цуглуулан судлах явцдаа байгаль дээр эслэг задлагч фермент нийлэгжүүлдэг микроорганизмууд ургамлын үлдэгдлийг задалж бодисын солилцооны эргэлтэнд оруулдаг болохыг мэдэж авсан. Яг тэр үед Монгол орны газар тариалангийн хөгжил дээд цэгтээ хүрч 400 гаруй тонн улаан буудай хурааж авч таарсан. Тэгээд энэ их сүрлийг биотехнологийн аргаар шимт чанарыг нь сайжруулаад малын тэжээлд хаягдалгүй ашиглах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэндээ. Сүрэлд ихээр агуулагддаг целлюлоз, лигнинийг ферментээр задалчихвал л энэ зорилт биелэгдэх юм байна гээд “целлюлаза” фермент ихээр нийлэгжүүлдэг “бичил биетний омог” гаргаж авах эрэл хайгуулын явцад л мөөгний Алтанцэцэг болсондоо.
Muug.mn: 40-өөд жилийн өмнө гэхээр монгол улсын мөөгний хөгжлийн замыг та тэртээ 1986 онд тавьж байсан атал яагаад ийм олон жилийн дараагаас одоо л монголчууд маань тариалалт сонирхож хийж эхэлж байна вэ? Ер нь бидэнд мөөгний хэрэглээ соёл маш дутмаг байсантай холбоотой байв уу?
Х.Алтанцэцэг: Тийм шүү...нэг талаасаа харамсалтай...жаахан дэмжээд өгсөн бол өдийд мөөг экспортолдог орон байхгүй юү. Нөгөө талаасаа цөхөрч орхилгүй одоо ч монголд мөөгний тариалан хөгжүүлээд хүмүүсийг ажил орлоготой, улсаа валютаар зарагддаг бүтээгдэхүүнтэй болгоно гэсэн итгэл үнэмшилээ тээсээр яваадаа өөртөө талархаж байна.
Миний энэ санаа энэ бүхий л хугацаанд өнөөг хүртэл төр засгийн шинжлэх ухаанаас хүлээж байгаа үр дүнд яв цав нийцсээр ирсэн. Гэвч нөгөө л “монголчуудын тамын тогооны үлгэр” гэхээс өөр тайлбар байхгүйдээ. Мах иддэг монголчуудад мөөг идүүлнэ гэж яаж санаа вэ? чи, социалист өмч хүрээлэнгийн байшин дотор мөөг тариад хөгцрүүлэх гэж байна – наад ажилаа зогсоо гэх мэтээр л их дайрч давшилдаг байсандаа. Гэхдээ миний хувьд олон гадаад хэл дээр шинжлэх ухааны мэдээлэл авдаг байсан болохоор өнөөдөр энэ салбар ийм хөгжилд хүрнэ гэдэгт огтхон ч эргэлзэж байгаагүй.
Судлаачын хувьд байнга л төсөл дэвшүүлнэ, шалгаруулалтын комисс нь маш хэрэгтэй төсөл байна гэж дүгнээд л дараа нь сураггүй болчихно, хасагдсаан л гэнэ. Тэгээд л өнөөдөр тодорхой болж байх шивдээ – мэдээлэлд ойр улс төрчид нь төслийн нүүр хуудсыг солиол өөр хүнд өгөөл шинжлэх ухаанд зарцуулагдах ёстой мөнгийг завшаад байж дээ.
Засгийн газрын мэдээ сонинд гарсан цагаас л мэр сэр хүмүүс мөөг тарьж болох уу гээл тасралтгүй ирж байсаан. Би ч сургуулийнхаа лабораторид оюутнууддаа мөөгний эх омог гаргаж авах, мицели үйлдвэрлэх, мөөг ургуулах технологийг тасралтгүй заасаар, дипломын ажил удирдаж хамгаалуулсаар ирсэн шүү дээ. 2000-2004 онд үйлдвэр байгуулаад мөөгөө худалдаанд гаргаж эхэлсэн боловч мэргэжилийн хяналтын байцаагч сүрэл, мөөг хоёрыг нэг хаалгаар оруулж гаргаж болохгүй гээд энэ ажлыг маань зогсоосон юм.
Бэлдсэн шавь нар ажлын байр байхгүй учираас өөр ажил эрхэлээл явдаг. Гэхдээ манай биотехнологийн лабораторид хясаан мөөг маань улам богино хугацаанд, улам илүү ургац өгдөг болсоор л байсан юм. Харин одоо л монгол оронд маань жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нийгмийн суурь бүрэлдэж, монголчуудын маань гадаад хэлний мэдлэг сайжирч мэдээлэл их авч байна, гадаадад их явах болсонтой холбоотойгоор мөөг сонирхох нь эрс нэмэгдэж байна гэж бодож байна. Дэлхийн хэмжээнд ч энэ салбар маань урьд хожид байгаагүй их хурдтай хөгжих болсонтой ч бас холбоотой.
Muug.mn: Магадгүй төр засаг нь энэ салбарт төдийлөн ач холбогдол өгөөгүй байсан болов уу?
Х.Алтанцэцэг: Ард түмэн минь өөрсдөө бидэнд мөөг тариалахыг хүсээд хандаад эхэлчихлээ. Одоо төр засаг маань ард иргэддээ жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх, шинжлэх ухааны инноваци нэвтрүүлэх, хүнсний хувьсгал, эрүүл монгол хүн, элэг бүтэн монгол гээд олон төсөл хөтөлбөрүүдийнхээ санхүүжилтээс олгож дэмжих л чухал байна.
Muug.mn: Өнөөдөр ингээд 40-өөд жилийн дараачаас сая нэг монголчууд мөөгний ашиг тус үр шимийг ойлгон тариалалт руу сонирхон орж байх шиг байна. Өнөөгийн монголчуудын хувьд мөөг яагаад нэн чухал шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн байна гэж та харж байгаа вэ? Ялангуяа эрүүл мэнд талаасаа их хэрэгтэй гэдэг...
Х.Алтанцэцэг: Монголчууд төдийгүй хүн төрөлхтөн тэр аяараа мөөгний эрүүл мэндийн ач холбогдлыг ойлгож эхэлж байна. Энэ нь сүүлийн гучаад жилийн судалгааны үр дүнгээс тодорхой болоод байна. Хүн төрөлхтөн дэлхийн нэгдүгээр дайны үеэр антибиотикийг нээн илрүүлж, үйлдвэрлэх болсоноор эрүүл мэндийн салбарт асар их дэвшил гарсан боловч зуу гаруй жил хэрэглэснээр өвчин үүсгэгч нянгууд мутацид орж, тэсвэртэй болоод эхэлсэн. Ингээд антибиотикийг орлох зүйлийг олох зайлшгүй шаардлага гарсаны үүднээс судлаачид энэ чиглэлийн судалгаа руу хошууран орж, эрчимтэй судалсаны үр дүнд мөөг олон төрлийн өвчин эмгэгийг илааршуулах биологийн идэвхит нэгдлүүдийг агуулдаг болох нь тогтоогдсон.
Уламжлалт анагаах ухаанд ч өргөн хэрэглэж байсныг орчин үеийн нарийн багаж төхөөрөмжөөр нарийвчлан тогтоосон л гэсэн үг. Эдгээрээс хамгийн чухал нь хүний биеийн бодисын солилцоог хэвийн (гомеостаза) байлгах үйлчилгээтэй болох нь батлагдсан юм. Нөгөө талаасаа хоол хүнсээрээ эрүүл байж аль болох өвчин тусаж эм тариа хэрэглэхгүй байх хандлагын үүднээс эрүүл хүнс (functional food)-ний хэрэгцээ огцом нэмэгдсэн. Үүнд тэргүүн эгнээнд мөөг орж байгаа юм.
Muug.mn: Та монголчуудын ойрын ирээдүйн 10 жилд мөөгний салбарт хэр их өөрчлөлт ирсэн байгаасай гэж хүсч байгаа вэ?
Х.Алтанцэцэг: Маш их өөрчлөлт гарна: галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэж харж байна. Монголчууд бид өдөр дутмынхаа хүнсэнд мөөгийг хэрэглэдэг болж, маш олон тооны мөөгний тариалангийн аж ахуйнууд бий болж, гадаадад экспортолдог болно. Орчин үед газар зүйн заалттай хүнсний хэрэглээ ихээр нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа монголд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн үнэд хүрнэ. Үүнд мөөг чухал байр суурь эзэлнэ. Учир нь дэлхийн дулааралаас болоод хамгийн ихээр мөөгийг тариалж байгаа халуун бүс нутгуудад хүндрэл бэрхшээл гараад эхэлж байна. Тиймээс монголд тарьж ургуулсан мөөг маш их эрэлт хэрэгцээтэй байх болно.
Muug.mn: Мөн ямар хүндрэл, саад бэрхшээлүүд тулгарч байгаа бол?
Х.Алтанцэцэг: Нөгөө “хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг л юм болж байна. 2022 онд монгол улс 413 000 тонн үр тариа хураан авлаа гэж мэдээлсэн. Гэтэл мөөг тарих сүрэл олдохгүй болчихлоо. Шинэ технологи, гадаадаас авчирсан комбайн нь тариа хураахдаа сүрлийг шууд хэрчээд хөрсөнд бордоо болгоод хийдэг болчихсон юм байх. Гэхдээ би тариаланчдаас залбиран гуйя: нийт сүрлийнхээ ердөө хорьхон хувийг л боогоод мөөгчдөд өгчихөөч дээ гэж. Тэгсэнээр маш олон талын ач холбогдолтой байх болно: хүн амаа эрүүл хүнсээр хангана, олон иргэд орлоготой болно, валютын эх үүсвэртэй болно. Мөөгний ургац хураагаад үлдсэн мицелитэй сүрэл нь маш сайн чанарын бордоо болно гээд тоочоод баршгүй ач холбогдолтой байх болно. Тариаланчид маань улирлын чанартай ажил эрхэлдэг. Монголын урт удаан үргэлжлэх хүйтний улиралд мөөгний аж ахуй эрхэлээчээ гэж уриалмаар байна.
Muug.mn: Ер нь та гадны улсуудтай энэ мөөгний салбарт хэрхэн харилцаатай явдаг вэ?
Х.Алтанцэцэг: Маш сайн харилцаатай байдаг. Өнөөдрийг хүртэл олон улсын хурал цуглаанд монголоос ганцаараа л оролцдог байлаа, дараа жилээс багаараа оролцдог болно. Микологи, Мөөгний биотехнологийн дэлхийн топ лидер эрдэмтэдтэй биечлэн уулзаж байсан, өдөр дутам энэ салбарт гарч байгаа судалгааны үр дүнг мөрдөн мөшгиж байдаг. Аль улсын хэн гэдэг Профессорын баг ямар чиглэлийн судалгаа хийж байгаа, ямар үе шатандаа явж байгааг ерөнхийд нь гадарлаж байдаг гэсэн үг л дээ.
Muug.mn: Дэлхийн бусад улсуудаас ноу хау авчирч ирээд нутагшуулья гэвэл хамгийн их боломжтой нь аль улс байна?
Х.Алтанцэцэг: Дэлхийн 160 гаруй оронд энэ салбарыг хөгжүүлээд үр ашгийг нь хүртэж байгаа учираас монголчууд бид мөөгний аж ахуй эрхлэхэд айх юм байхгүй болсон. Дэлхийн аль ч улсын ноу хауг авчираад нутагшуулах боломжтой. Хүн төрөлхтөн анх төмс, улаанбуудайг ч мөн л нэг улсаас аваад дэлхий даяараа л нутагшуулан тарималжуулсан байдаг шүү дээ. Мөөгийг ч гэсэн үүний нэгэн адилаар л тарималжуулж болно. Ялангуяа мөөгний үрийн материал болох мицелийг олон жил тарималжигдаж, ургацын хэмжээ болон ургах хугацаа нь тодорхой болж, баталгаажсан омгоор тарьж эхлэх нь богино хугацаанд амжилтанд хүрэх үндэс болно.
Хамгийн боломжтой нь гэвэл бидний хөрш Хятад улсыг л хэлмээр байна. Ер нь аль ч салбарт энэ улс л тэргүүлж байгааг бүгдээрээ л харж, сонсож байгаа шүү дээ. Хятад бол мэдээж эмийн ба хүнсний мөөгийг тарималжуулсан анхны улс орон юм. Гэхдээ нэг их ач холбогдол өгөлгүй байгаад 20 сая иргэдээ үгээгүй ядуугаас дундаж амьдралтай болгох намынхаа зорилтыг хэрэгжүүлэх явцад 1990-2000 онуудад энэ салбарт асар огцом дэвшлийг хийсэн байдаг. Дараа нь Африк тивийн улс орнуудыг өлсгөлөнгөөс, ялангуяа уургийн дутагдлаас мөөгний тариаланг хөгжүүлэх замаар гэтлэн гарахад асар их хөрөнгө оруулалт хийлээ.
Muug.mn: Таны харж байгаагаар манай мөөгний салбарт ирэх нэг жилийн хугацаанд ямар сонирхолтой үйл явдлууд өрнөх бол?
Х.Алтанцэцэг: Мөөгний салбарт 2023 онд урьд хожид байгаагүй огцом хөгжил дэвшил гарах нь эхний хагас жилийн үйл ажиллагаагаар тодорхой болоод байна.
Muug.mn: Бид хясаан мөөгнөөс гадна өөр ямар мөөгнүүдийг тарьж ургуулсан байх бол?
Х.Алтанцэцэг: Докторант, магистрантууд маань хясаан мөөгнөөс гадна долоон зүйлийн мөөгийг монголд анх удаа нутагшуулан тарималжуулахаар шургуу ажилцгааж байна.
Сүүлийн жилүүдэд та сургалт их хийж, олон хүмүүсийг мөөгний салбарт ороход нь өөрийн мэдлэг чадвараасаа харамгүй зааж сургаж байгаа.
Олон жил сургалт явуулж байна. Эхлээд ганц нэгээрээ асуугаад ирэхэд ярьж өгдөг байсан, дараа нь 5 хүн бүрдэхээр нь танхимын сургалт хийгээд явдаг болсон. Одоо онол, практик хосолсон сургалтыг сар бүр гурван төв дээр хийж байна. Үүнд: (1) ХААИС дээр “Мөөгний сургалт судалгаа хөгжүүлэлтийн төв”, (2) Улаанбаатарт Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв болон (3) Эрдэнэт хотын Шинжлэх ухааны Инновацийн төв дээр “Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ” ТББ-ын сургалтын төвүүд тус тус ажиллаж байна.
Muug.mn: Ер нь хэр их хүнд сургалт орсон бэ?
Х.Алтанцэцэг: Нийтдээ 2000 гаруй хүнд сургалт хийгээд байна. Сониноос надаас сургалт болон мицели аваад мөөг тариалсан анхны шавь маань дендрологич Чимид гуай шүү дээ. Долоон буудлын гэр хорооллын халуун усны газар мөөг тариалаад ресторануудад борлуулж байсан. Мөөгний биотехнологийн салбарт өнгөрсөн хугацаанд 18 бакалавр, 8 магистрын судалгааны ажлыг удирдаж хамаалуулсан. Одоо ХААИС-д мөөгний биотехнологиор 3 докторант, 2 магистрантын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар ажиллаж байна.
Muug.mn: Манайхан сургалтанд суугаад ямар сэтгэгдэлтэй үлдэж байгаа вэ? Үр дүнгийн талаар?
Х.Алтанцэцэг: Маш өндөр сэтгэгдэлтэй байдаг. Ковидын хөл хорионы дараа монголчууд эрүүл мэнддээ их анхаарал тавьдаг болж, ялангуяа хүнсээ өөрөө бэлтгэхийн чухалыг ойлгодог болсон байна. Гадаадаас авчирсан хүнс хэрэглэхээ больё гэсэн хандлаг бий болж байна. Бас мөөгийг тарьж ургуулаад идэж болно гэдэг итгэл үнэмшилтэй болж байна. Мөөгний хүнсний болон эрүүл мэндийн ашиг тусыг ойлгож эхэлж байна. Мөөг борлуулалтын тусгай маркетингийн алба бий болж, орон тооны хүмүүс ажиллах болсон нь л хамгийн том үр дүн болж байна даа.
Суралцаж төгссөн хүмүүс маань ургуулсан мөөгнийхөө зургийг бидэнд баяр бахдал болон илгээж байна.
Muug.mn: Одоо та ямар ажлууд дээр ажиллаж байгаа вэ? Цаашид ямар ажлууд төлөвлөж байна вэ?
Х.Алтанцэцэг: Би хэдийгээр тэтгэвэрт гарсан ч гэсэн хоногт ажилладаг цаг маань дунджаар 10 цаг хэвээрээ л байгаа... Өмнөхөө бодвол илүү урамтай, баяр баясгалантай ажиллах боллоо...учир нь санаж явсан маань хэрэгжих нь тодорхой болоод ирлээ. Монгол улсад биотехнологийн үйлдвэрүүдийг байгуулмаар байна. Мал амьтны тэжээлийн нэмэлт үйлдвэрлэдэг (уураг, фермент, үл орлогдох аминхүчлүүд, витамин) Микробиологийн үйлдвэрүүдийг байгуулмаар байна. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ус багатай говийн аймгуудад Биотехнологийн аргаар модны үрсэлгээ үржүүлдэг лаборатори-үйлдвэрүүдийг байгуулмаар байна. Би чинь энэ чиглэлүүдээр монгол хэл дээрх анхны сурах бичиг, лабораторийн гарын авлагыг туурьвиж, их сургуулийн 3 түвшний сургалтанд (бакалавр, магистрантур, докторантур) нэвтрүүлсэн хүн шүү дээ. Мөн эдгээр салбарт олон диплом удирдаж хамгаалуулсан. Тэхээр одоо жинхэнэ инноваци болгох цаг нь ирлээ. Шавь нар маань ч өсөж өндийж эрийн цээнд хүрлээ.
Мөөгний салбарт дараах ажлуудыг хийж байнаа:
Muug.mn: Ингээд таны цаашдын ажил үйлс бүхэн тань амжилттай байхын ерөөлийг өргөөд энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе. Бидэнтэй цаг зав гарган мөөгний талаар сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье!
Х.Алтанцэцэг: Баярлалаа.
























ganbat
Сэтгэгдэл үлдээх