2 Бүлын, 48 Мөөг, 6 хоолны жор манай сайтад бүртгэгдсэн байна.
НОГООН БИШ ХУВЬСГАЛ

МӨӨГНИЙ ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЛИЙН ЦУВРАЛ

“НОГООН БИШ ХУВЬСГАЛ”

XXI зууны гол хандлага нь бусад үйлдвэрлэлээс гарсан хаягдлыг зүй зохистой ашиглах болоод байгаа бөгөөд  түүний нэг нь “Ногоон биш хувьсгал” буюу орчин үеийн биотехнологийн салбарт “Биоконверси” гэж нэрлэгдэх салбар болон эрчимтэй хөгжиж байна.

  • Хаягдал бүтээгдэхүүн боловсруулалтыг мөөгний тариалантай хослуулах

Газар тариалангийн үйлдвэрлэлээс гарсан ургацын 70 гаруй хувь нь (1.2 тэрбум тн) хаягдал болохоос гадна жил бүр нөхөн сэргээгдэж байдаг түүхий эд юм. Эдгээр хаягдал бүтээгдэхүүн нь эслэг, лигнин ихээр агуулах бөгөөд энэ нь малгайт  мөөгний ялгаруулдаг ферментээр задарч байгаль дахь бодисын солилцоонд эргэн орж байдаг. Газар тариалан болон ойн аж ахуйгаас гарч байгаа хаягдал бүтээгдэхүүнийг мөөгний тариаланд хөрс болгон ашигласнаар мөөгний мицелиэс ялгарах ферментийн нөлөөгөөр органик бодисууд нь энгийн нүүрс ус болон задрах бөгөөд түүгээрээ хооллон үрт бие үүсгэсэнийг “мөөг” гэж нэрлэн хүнсэндээ ашигладаг.

Харин мөөг ургасан хөрс болох органик субстрат нь мөөгний мицелийн уураг болон бусад төрлийн биоидэвхит бодисоор баяждаг учираас хаяхгүй ашиглах боломжтой байдаг. Үр тарианы сүрэл нь эслэг, лигниний агууламж өндөр байдаг учираас малын тэжээлд шууд ашиглахад идэмжгүй, шимт чанар болон шингэц муу байдаг.

Мөөгний мицели нь сүрэл, модны үртсэнд ургах явцдаа эслэг, лигнинийг нь өөрөөс ялгаруулсан ферментээр задалж, химийн найрлагыг нь  мал иддэг өвсний найрлагын хэмжээнд хүргэдэг юм. Мөн мицелитэй сүрэл нь хөрсийг төрөл бүрийн органик болон эрдэс бодисоор баяжуулаад зогсохгүй хөрсний бүтцийг ч ургамалд ашигтайгаар сайжруулдаг онцлогтой юм.

  • “Ногоон биш хувьсгал” гэдэг нь

 “Ногоон биш хувьсгал” гэдэг нь газар тариалангаас гарсан хоёрдогч түүхий эдийг мөөгний тариаланд хөрс болгон ашигласнаар хүнсний уурагт бүтээгдэхүүн, малын нэмэлт тэжээл, хөрсний үржил шимийг сайжруулагч бордоо болгон ашиглах хаягдалгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг хэлнэ.

 

/Мэдээллийн эх сурвалж: МУ-ын Зөвлөх биотехнологич, Профессор Х.Алтанцэцэг/

Мэдээллийг бэлтгэн оруулсан:
ganbat
2023-01-27 20:00:34 423 0
Сэтгэгдэл үлдээх
Зураг сонгох
/Сэтгэгдэл үлдээхийн тулд facebook, twitter -ээр нэвтэрнэ үү/
Холбоотой мэдээ